Япон улс яагаад гаднаас "Гэрээт ажилтан" авдаг вэ?


Манай өмнөх холбоотой блогуудад бичсэн Японы “Ур чадварын дадлагажигч хөтөлбөр”-ийн тухайд ер нь яагаад хэрэгжүүлэх болсон талаар тайлбарлая. Мөн гэрээт ажилчид юу сурах боломжтой байдаг тухай өгүүлье.

Япон улс уг нь 125 сая буюу Монгол улсаас даруй 41 дахин их хүн амтай.

Аж үйлдвэржсэн, дэлхийн 3 дахь том эдийн засаг, Азийн хамгийн өндөр хөгжилтэй орон. Тус улсад техник технологи өндөр хөгжиж, том том үйлдвэрүүд автоматжих бүр роботчиж байгаагаас гадна уламжлалт гар ажиллагаанууд ч их байдаг. Ялангуяа оёдол, нэхмэл, хүнсний үйлдвэрүүд, барилга, зам гүүр, газар тариалан ХАА, фермэрүүд, настайчуудын асрамжийн газар зэрэг нь хүний хүч ихээхэн шаарддаг ажил хэвээрээ байгаа. Харьцангуй автоматжсан, эсвэл машин механизм ашигладаг хэдий ч тэр нь хүнээс хамаарах байдал ихтэй гэсэн үг.

 Гэтэл Японы хүний нас уртасч дундаж нас 80 давж, түүнтэй харьцах төрөлт  багасч, залуучуудын тоо жил бүр буурч байна.

Үүнтэй уялдан дээр бичсэн бизнесийн салбаруудад ажиллах хүчин маш их дутагдах болсон. Тиймээс энэхүү ажлын байран дээрх хүний нөөцийн дутагдалыг нөхөхийн тулд гаднаас ажиллах хүчин авах болсон. Түүнийгээ “Гадаадын ур чадварын дадлагажигч  хөтөлбөр” нэртэйгээр 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тэд Зүүн өмнөд азийн орнуудаас ихээхэн тооны ажиллах хүчин авч байгаа. Жишээлбэл Хятад, Вьетнам, Индонези, Филиппин гэх мэт орнуудаас ажиллах хүч түлхүү авсаар ирсэн. Монгол улсаас ч олон залуус очиж ажилладаг. Сүүлийн хэдэн жил дунджаар 200 гаруй хүн явж байгаа.

Хөгжиж буй эдгээр орны хүмүүст Японоос суралцах зүйл асар их байдаг. Тэд Япон улсын хууль, дүрэм журам, ажиллах байгууллагын дотоод дүрэм журам, зорилт, зорилго, үнэт зүйл, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гээд олон зүйл шинээр мэдэх шаардлага гарна. Ажлын арга барил бусад шинэлэг зүйлстэй танилцаж, сурч, Японоор ярьдаг болох зэрэг хувь хүний хувьд өсөн дэвждэг.

Тухайн ажлын талбараас хамаарч шинэ техник технологи, техник хэрэгсэл, зүүн гартай хүнд зориулсан багаж, баруун гартай хүнд зориулсан багаж гэх мэтээр ялгаатай шинэлэг зүйлс их байдаг. Жижиг том гэлтгүй сурах зүйлс нилээд байдаг бөгөөд уг хөтөлбөрөөр дамжуулан ур чадвар эзэмшүүлдэг учраас Ур чадварын дадлагажигч гэж нэрлэж байгаа нь их таардаг.

Тэр бүхнийг суралцсан хүмүүс буцаж эх орондоо ирээд сурсан зүйлээ эх орныхоо хөгжилд, өөрийн бизнес эсвэл ажиллах байгууллагынхаа хөгжилд зориулах үүрэг хүлээдэг.

Тэдэнд Японы JITCO байгууллага тусгайлан БАТЛАМЖ олгодог. Энэхүү батламж нь ийм чиглэлээр энэ хүн 3 жил дадлага хийж, энэ дайны болсон гэдгийг батлах бичиг болдог. Мэргэжлийн үнэмлэх гэсэн үг.

Япон компаниуд харьцангуй залуу 30 хүртэлх насны хүмүүсийг сонгон ажиллуулдаг. Гэвч хуулийнхаа хүрээнд насны дээд хязгаар гэж заадаггүй.

Дадлагажигчийн шалгуур нь маш энгийн бөгөөд дараах шаардлагууд байна. Энэ тухай өмнөх мэдээллийг дарж орж мэдээлэл аваарай.

Манай компаний хувьд "Гэрээт ажилтан-дадлагажигч"-даа тавьдаг шаардлагын тухай болон цалин хөлс, очоод хэрхэн амьдрах зэрэг мэдээллийг дараагийн блогуудад өгүүлнэ.

Та харин Япон улсад дадлагажигч/гэрээт ажилтнаар явахаар шийдсэн бол энэхүү мэдээлэлрүү орж уншиж бидэнтэй холбогдоорой.