Япон улс нь “Гадаадын ур чадварын дадлагажигчдыг хүлээн авах” /цаашид дадлагажигч, гэрээт ажилтан гэх/хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь эдийн засгийн хувьд Хөгжиж байгаа орнуудад “Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийг эрчимжүүлэх чиглэлийн туслалцаа” болгох зорилгоор тэдгээр улсуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжихийн тулд явуулдаг бодлого юм.
Өөрөөр хэлбэл: Өндөр хөгжилтэй Япон орон өөрийн техник, технологи, мэдлэг зэргийг зааж өгөхөд оршдог гэсэн үг.
Японы хувьд Азийн нэлээд олон орноос тогтсон хугацаатайгаар ажиллах хүчнийг хүлээж авдаг.
Дадлагажигч/гэрээт ажилтан/ нь Япон улсад очиж, өөрийн мэргэжлээр идэвхтэй суралцаж, техник, технологи болон сүүлийн үед үйлчилгээний чиглэлийн дадлага туршлага хуримтлуулаад хугацаагаа дуусгаад эх орондоо очиж тэр чиглэлээрээ ажиллана гэсэн үг.
Мэдээж тус улсын хувьд гадаад харилцаа, олон улсын тусламж зэргээр гадаад бодлогынх нь нэг томоохон хэсэг болдог.
Япон улс дараах зүйлсийг энэхүү “Ур чадварын дадлагажигч хүлээн авах хөтөлбөр”-өөрөө дамжуулан тухайн дадлагажигч, мөн хүлээн авч байгаа компаниудыг хэрэгжүүлэх шаардлага тавьдаг:
- Дадлагажигч нь ур чадвар эзэмших, сурсан чадвараа түүнийгээ эх орондоо ашиглаж, өөрийн ажил амьдралаа дээшлүүлэх, үйлдвэр, аж ахуй нэгжийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах
- Дадлагажигч нь эх орондоо өөрийн олж авсан туршлага, мэдлэгээ ашиглан, чанарын менежмент, ажиллах хэвшил, зардалд хандах хандлага, үйл ажиллагааны сайжруулалт, үйлдвэрлэлийн бүтээмж дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах
- Япон улсын тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд гадаадын компаниудтай харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, менежментээ олон улсын түвшинд хүргэх, компаний дотоод үйл ажиллагаагаа олон талтай болгох зэрэгт хувь нэмэр болох
Дээрх 3 зүйл дээр энэхүү хөтөлбөр хэрэгжүүлэх гол ач холбогдлуудыг зангидаж хардаг.
Мэдээж энэхүү хөтөлбөрийг дурын нэг компани, хаа хаанаа шууд барьж аваад хэрэгжүүлчихэж болдоггүй.
Засгийн газар хоорондын гэрээ хийгдэж, хөгжиж буй орнуудаас Японд ажиллах хүчин гаргах тохиролцоонд хүрдэг.
Түүнийг нь Япон улсад JITCO гэдэг байгууллага хууль зүй, хяналт тавьж, зөвшөөрөл өгч ажилладаг бол Монгол улсын хувьд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас ажиллах хүчин/дадлагажигч/ гаргах компаниуд тусгай зөвшөөрөл авснаар хэрэгжүүлдэг юм.
Япон улсад ч бас JITCO байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсан нийгэмлэг/күмиай гэдэг бөгөөд гишүүн компаниудтай байдаг/ байх бөгөөд тус байгууллагын гишүүн компаниуд нь Монгол компаниудаас дадлагажигч хүлээн авч, гишүүдийнхээ компанид ажиллуулдаг.
Гэхдээ эцсийн ямар мэргэжилтэй, хэдий насны, ямар хүнийг хэрхэн ажиллуулах вэ, хэдэн хүн байх вэ гэдэг шийдвэрийг Японы компаниуд өөрсдөө шийднэ.
Күмиай болон Япон компаниудыг нийтэд нь энэхүү хөтөлбөрийг ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-ууд гэдэг.
Дараагийн удаа “Ур чадварын дадлагажигч хөтөлбөр”-ийн ерөнхий танилцуулгыг хүргэх болно.