Япончууд бусдыг хүндэлж мэндлэхдээ зайнаас мэхийж ёсолдог. Мөн уучлалт гуйхдаа удаан гэгч нь мэхийж, өөрийгөө буруутай гэдгээ ойлгуулж, илэрхийлдэг.
Монголчууд бид "Усыг нь уувал ёсыг нь дагаарай" гэдэг. Тухайн оронд байгаа хүн өөрийгөө тухайн орны хэлнээс гадна, ёс заншил, мэндлэх хүндлэх ёсыг сайтар ойлгосны үндсэн дээр нийгэмд нь хурдан дасан зохицож, амжилт олж, өөртөө төвөггүйгээр амьдарч чадна.
Нэгэн жишээг танилцуулъя.
- Японы нэр хүндтэй нэгэн рестораны эзэн ресторанд нь үйлчлүүлээд гарсан хүнийхээ араас гаран гартал нь бөхийж хүндэл үзүүлээд байж.
Үүнийг анзаарсан нэгэн сониуч нөхөр:
- Таны хүндлэл, энэ мэхийж байгааг гараад явсан үйлчлүүлэгч чинь харах ч үгүй байна. Та яагаад тонгойж хүндлээд байгаа бэ? гэхэд
Эзэн нь:
- Тэр үйлчлүүлэгч харахгүй ч одоо үйлчлүүлж байгаа хүмүүс бидний хүндлэлийг хардаг юм гэж хариулжээ.
Ингэж хүндлэл үзүүлж байгаа нь нөгөө хүнээс өөрийгөө дорд үзэж байгаа хэрэг ерөөсөө биш.
Та бидний тэнгэр заяа ингэснээр нураад уначихгүй. Харин ч биднийг түшээд авах байх. Эргэн тойрныхоо бусад хүнд хүндэтгэлтэй хандсанаар та өөрийнхөө тухай сайхан, эерэг бодлыг түгээж тэдгээр хүмүүс тантай харилцах, таныг хүндлэх, танд дуртай болох шалтгааныг бүрдүүлэхэд түлхэц болдог. Харилцаа гэдэг бол хүмүүс харилцан бие биендээ хүндэтгэлтэй харилцсанаар үүсэж, ойртож, ойлголцож байдаг.
Хүндлэл үзүүлж байгаа хүний албан тушаал, насны онцлогоос, мөн өөрийн илэрхийлж буй хүндлэлээс шалтгаалж бөхийхдөө хэрхэн тонгойхыг зурагт харуулсан байна. Мөн уучлал гуйж байгаа тохиолдолд ч буруутай үйлдэл, түүний хүндрэлээс шалтгаалан өөрийн бурууг ойлгож байгаагаа илэрхийлж буй байдлыг харуулах биеийн хэлэмж болдог.
Манай Монголчууд зайнаас мэндлэхдээ толгойгоо дохидог. Японы энэ хүндлэл, мэндлэх ёс нь зөвхөн толгойгоо дохих бус нуруугаараа бөхийж мэндэлдэг бөгөөд толгой нуруу хоёр нэг шулуунд, цэх мэхийдэг. Бөхийхдөө аль болох алгуурлахгүй, түргэн бөхийдөг бол дээшээ алгуур өндийдөг байна.
Коронавирусын цар тахлын аюул тархаж байгаа энэ үед Японы энэ хүндлэх, мэндлэх ёс хамгийн тохиромжтой нь юм болов уу.
Харилцан мэндлэхийн тулд хамгийн ойрхондоо 1.5 метр байхгүй бол хоёр хүний толгой мөргөлдөх аюултай. Японд сурч, ажиллаж байгаа хүмүүс харьцангуй мэддэг.
Харин дадлагажигчаар явахыг хүсэж байгаа, очоод удаагүй байгаа та үүнийг нэг зөвлөгөө гээд бодоорой.
Танд амжилт хүсье.
#усыгньуувалёсыгньдага